Форум | Холбоо барих
Блог хайлт:

boldbaatar's blog

Наадам 2011 сайхан боллоо


Бямба гарагт Сан Франциско хотын Голден Гэйт цэцэрлэгт хүрээлэнд Бэй Аэриагийн мянга таван зуу гаруй монголчууд хуран цугларч баяр НААДАМ-аа ёслол төгөлдөр тэмдэглэн дэнж хотойтол сайхан наадлаа. Үндэсний дээл хувцасаараа зүлэг ногоон талбайг өнгө чимэн алагласан наадамчин олон энэ өдөр эрийн гурван наадмаа хийж монгол Наадмын золбоо хийморийг америкийн баруун эрэгт арван дөрөв дэх удаагаа өндөрт өргөв. Наадмын талбайд соёмбот тугаа залан мандуулахаар БАМХ-ны анхны тэргүүн Ш.Баатар, урд жилийн наадмын түрүү бөх ОУХМ А.Болдсүх, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, Худалдааны тэргүүний ажилтан, алдарт эх Т.Нарантуяа. Албани хотын шилдэг сурагч З.Амуунаа, Америк дахь монгол оюутан залуусын холбооны тэргүүн Д.Жанцанхорлоо нар гарч ирж энэхүү хүндтэй үүргийг биелүүлснээр америкийн монголчуудын 2011 оны анхны НААДАМ ийнхүү эхлэв. БАМХ-ноос тусгайлан урилга явуулсан дагуу Сан Франциско хотын захирагч, ноён Эдвин М.Ли тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирж наадамчдад баяр хүргэж манай наадмын хөтөлбөрийг сонирхон үзсэн нь энэ жилийн олон онцлог үйл явдлын нэг байв. Баярын талбайд Бэй Аэриагийн Монголчуудын "Бэй Аэриа МЖЛ" студийн хийсэн цуврал сурвалжлагыг тухлан үзээрэй.
Бэй Аэриагийн Наадмын үндэсний бөхийн барилдаанд 64 хүчтэн зодоглосноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Увс аймгийн арслан Х.Цагаанбаатар торолгүй тав давж түрүүлэн энэ жилийн түрүү бөхөөр тодорсон бол Өвөрхангай аймгийн заан Өнөржаргал үзүүрлэж шөвгийн дөрөвт залуу бөх Ё.Отгонбаяр, Чагнаадорж нар шалгарлаа. Хүүхдийн барилдааны бага насанд О.Итгэл түрүүлж Ү.Энхбаатар үзүүрлэсэн бол дунд насанд Ж.Дүвчин (Улсын Харцага Жавхлантөгсийн хүү) түрүүлж М.Төгөлдөр үзүүрлэлээ, 14-16 насанд М.Дөлгөөн түрүүлж Ц.Амирлан үзүүрлэлээ. Хүүхдийн барилдааны шагналыг Албани хотын ах дүү Д.Мөнхбат, Д.Мөнхбаяр нар хоёр дахь жилдээ дааж ивээн тэтгэсэнд баяр хүргэе. Мөн бага насны хүүхдийн барилдааныг чөлөөт бөхийн "Хангарьд" клуб ивээн тэтгэж унадаг дугуйгаар шагнав. Тав даж түрүүлсэн Х.Цагаанбаатарыг Наадамын комиссоос 42" Panasonic ТВ, 4 давж үзүүрлэсэн аймгийн заан Өнөржаргалыг 32" Panasonic TВ-ээр байлсан бол түрүү бөхийг Албани хотын Ч.Ариунболд $1000-оор, Ганзориг $100-оор мялааж баярлууллаа.
      Манай Наадамын тухай Монголын үндэсний Тв гээр 7 сарын 9-ний хагас сайн өдөр 16:40 -т гарна. Мөн Medeelel.com дээр байрлуулсан байгаа. 
     Наа
дмын бас нэгэн чимэг болдог хүүхдийн хурдан дааганы тэмцээнийг жил бүр хариуцан зохион байгуулдаг ёсоороо Ж.Бат-Очир маань өөрийн гараар урласан 25 даагаа "хөтлөн" ирж хүүхдүүдээ урладуулхад айргийн тавд Эрдэнэцогтын Билэгт, Эрдэнэбилэгийн Оогий, Төмөрчөдөрийн Боорж, Баяржавхлангийн Намуун, Батбилэгийн Жессика, Майлклын Томас нарын хүүхдүүд орж ирж энэ жилийн баян ходооны даагаар Эрдэнэхүүгийн Хансүлд тодорлоо. Эрийн гурван наадмын нэг сурын харвааг ч энэ өдрийн наадамд орхигдуулсангүй, Сан Франциско хотноо суугаа Монгол Улсын дархан мэргэн Ч.Мөнхцэцэгийн гарын шавь Дашдэмбэрэл, Бат-Энх хоёр эвт нумыг эвшээлгэн татаж ирт сумыг исгэрүүлэн тэнгэрт харваж наадамчин олныхоо хийморийг сэргээв. Уламжлал ёсоор наадмын шагайн харвааны тэмцээнд 5 баг цэц сорьсоноос хөрш Сакраменто хотын Эрдэнэчулуун ахлагчтай "Тойром" баг тэргүүн байр эзэлсэн бол, удаах байрыг "Бэй Аэриа Мэргэн" баг эзэллээ. Хүн нэг бүрийн харваанд түрүү байрын төлөө тунан үлдсэн Конкорд хотын Түвшин, Албани хотын Жавхлантөгс нар товх харваж Түвшин тэргүүллээ.
БАМХ-ноос тусгайлан урилга явуулсан дагуу Сан Франциско хотын захирагч, ноён Эдвин М.Ли тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирж наадамчдад баяр хүргэж манай наадмын хөтөлбөрийг сонирхон үзсэн нь энэ жилийн олон онцлог үйл явдлын нэг байв. Баярын талбайд Бэй Аэриагийн Монголчуудын "Бэй Аэриа МЖЛ" студийн хийсэн цуврал сурвалжлагыг тухлан үзээрэй.












Бэй Аэриагийн баяр наадмыг сурвалжлахар Вашингтон хотоос UMon TV-ийн сурвалжлагч Урнаа тусгай томилолт өвөрлөн нисэж ирсэн бөгөөд наадмын талаар хийсэн уран бүтээлээ удахгүй та бүхэнд хүргэхээр бэлтгэж байна. Наадмын талбайд өглөө эрт авсан товч бичлэгээс бэлтгэл ажлууд хэрхэн явагдаж буй тоймыг харна уу?



Энэ жилийн түүхт ойн баяр наадмыг Сан Францоскод ёслол төгөлдөр тэмдэглэхээр тусгайлсан бэлтгэл ажлууд олон хийгдсэн. БАМХ-ны тэргүүлэгч Самбуугийн Болдбаатар Их Монгол Улсын үеэс улбаатай эзэн Чингисийн хар цагаан сүлд тугийг хийж бүтээх хүндтэй ажлыг хариуцан дааж сүлд хийхэд орох самсаа хөхөл зэргийг холбогдох зан үйлийн дагуу монголд тусгайлан захиалан бэлдүүлж авчран өөрийн гараар урлаж наадмын үеэр түмний өмнө залж босгосныг онцгойлон дурдаж талархал илэрхийлж байна. Наадмын баярын хөтөлбөрт урлаг соёл, спортын олон арван авъяастнууд оролцлоо. Тухайлбал Бэй Аэриад суугаа ардын урлагын хамтлагын бүжигчид Өлзий, Оюунцэцэг, Алтанзаяа, Сугармаа, Сэлэнгээ, З.Амартүвшин ахлагчтай "Хөх Монгол" рок хамтлаг, "Би Монгол" сургуулийн СТА Батзориг багштай хүүхдийн бүжгийн хамтлагын охид, Сан Франциско хотын бие хамгаалах урлагын "Дашаа Доожо" дэвжээний тамирчин охид хөвгүүд, "Нюанс" хамтлагийн дуучин Өнөрбаатар, дуурийн дуучин Батхуяг, морин хуурч Оргилсайхан, Дамдинхүү, Балдандорж, хөгжимчин Туул, Энхтуяа, Цэрэнлхам, Нарантуяа, уран нугараач охид Хулан, Хүслэн нар хуран цугларсан олны талархалыг хүлээсэн сайхан тоглолт үзүүллээ. Наадмын талбайн зохион байгуулалт эмх журамыг Д.Жанцанхорлоо тэргүүтэй Монгол оюутан залуус, "Дашаа Доожо" дэвжээний тамирчин хүүхэд залуучууд даан авч ажилласан бол Сан Франциско хотын Христийн Эммануэл төвийн пастор Отгонбаатар ахлагчтай итгэгчид баярын талбайг бүрэн цэвэрлэх энэ ажлыг сайн дураараа хоёрдахь жилдээ хариуцан гүйцэтгэж буянтай үйлийг хийлээ. Наадамын өглөө эрт талбайд ирж ажилласан залуучууд тухайлбал "Цонхны" Мягаа, Жавхаа, Баяраа, Сан Франциско хотын Бор, Эрдэнэбат, Маралаа, "МЖЛ констракшн" компанийн Алтангэрэл ахлагчтай барилгын хамт олон, тайзны заслыг хариуцсан Оакландын шалны Эрдэнэбат, Эл Серрито хотын Ариунболд, Өлзий, хаалга чимэглэлийг хариуцсан Чулуунсүх, Энхжаргал, Ш.Самбуу, Баяраа, наадмын төв асарын тайзны зураг дизайныг гаргасан Бат-Энх, оройн үдэшлэг цэнгүүний даатгалыг хийсэн Б.Ууганцэцэг нар болон зохион байгуулах ажилд сэтгэл гарган туслаж хандив дэмжлэг үзүүлсэн нийт хүмүүстээ нийт монголчуудынхаа өмнөөс гүн талархал дэвшүүлье!

Талбайд төрөл бүрийн худалдаа, халуун цай хоолоор үйлчилсэн хувь хүмүүс, байгууллага хамт олондоо их баярлалаа. Тухайлбал "Хаан Хуушуур", "Дээжис" бакерийн худалдаалсан төрөл бүрийн амттан, Аламедагийн Н.Энхжаргал, Н.Соёлмаа нарын эсгэж бэлтгэсэн айраг зэрэг олон худалдаа наймаа гүйлгээ сайтай байсан. За тэгээд хөрш Лос Анжелес хотоос хүрэлцэн ирсэн "Мозилла" компанийн залуучуудын хийсэн төрөл бүрийн цамцнуудаа дэлгэн худалдаалж байсан бол Сан Хосе хотноо суугаа Эрдэнэчимэг бүсгүй өөрийн орчуулсан хэвлэсэн нэгэн номын сурталчилгаагаа хийж байлаа. 2008 онд гарсан дороо Америкийн бестселлер болсон "Морьтой Жаал" номыг тэрбээр эх хэлнээ орчуулан Битпресс компаниар хэвлүүлснийг наадамчид сонирхон худалдан авч байв.

Наадам зохион байгуулах ажилд хандив туслалцаа үзүүлсэн хүмүүсийн нэрийг ЭНД ДАРЖ хараарай.

Баяр Наадмын талбайд Д.Цэрэндоржийн авсан зургуудтг ЭНД ДАРЖ үзээрэй.
Б.Балдангийн авсан зургуудыг ЭНД ДАРЖ үзээрэй.
Ш.Баатарын авсан зургуудыг ЭНД ДАРЖ үзээрэй.
Э.Эрдэнэбаярын авсан зургуудыг ЭНД ДАРЖ үзээрэй.

Та бүхнийг МОНГОЛ НААДАМЫН хийморь хэзээд ивээж явах болтугай!


Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо
Замдаан сэтгүүл


бичсэн: boldbaatar | төрөл: 2011-07-06 өдөр 23:45
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax