boldbaatar's blog
Хүн нэрээ тогос өдөө гэдэг
За халзан Болд тэргүүтэй Монголын яруу алдарт чикистүүд Цахилгааны ганц хүүг нэг оростой хамт архи ууж жаахан юм ярьлаа гээд 17 жил шоронд хатааж байх зуур өөрсдөө нэг иймэрхүү юманд орооцолдож гадаадын шоронд суух хэрэг хийж билээ. Тэр үед шар дээлт сандал суудлаа хадгалахын тулд Зоригийг алсан хүнийг илрүүлж ард түмний өмнө алтан дээлтэн болох гэж мөрөөдөж байхдаа ингэж олон улсын эрх ашигийг үл хүндэтгэн адал балмад үйлдэл хийж байсны ул мөр үргэлжилж байна. Дэлхий аль хэдийн нэгэн дээвэр дор багтаж байгааг ойлгохгүй оюун ухаан нь гурван сая хүрэхгүй ах дүү нараа дарамтлаад болно гэж ойлгож байдаг хоцрогдсон коммунист дарангуйлагч байхнээ ...
Б.Хурцыг өнөөдөр Лондонд шүүнэ
Энэ сарын 17-ны өдөр Лондонгийн Хитроу нисэх онгоцны буудлаас Английн цагдаагийнханд баривчлагдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын асуудал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэн болоод олон нийтийн анхаарлын төвд байна. Тэрээр энэ удаа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Үндэсний аюулгүй байдлын хорооны даргатай уулзахаар албан томилолтоор тус улсыг зорьсон аж. Харин 17-ны өдөр болсон баривчлагааны мэдээлэл манайд анх 28-ны өдөр хэвлэлээр мэдээлэгдсэн. Өчигдөр Гадаад харилцааны яамнаас ”Б.Хурцыг баривчилсан талаар ЦЕГ болон манай яаманд мэдээлэл ирүүлсэн боловч баривчилсан шалтгааны талаар мэдээлэл өгөөгүй” гэснийг эс тооцвол болсон явдлын талаар манай албаны эх сурвалжууд, Гадаад харилцааны яамны Консулын газар, Лондон дахь Монголын ЭСЯ болон Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс ямар нэг мэдээлэл хийгээгүй. Хийхгүй байсан нь ч цаанаа учир шалтгаантай байв.
Уг баривчилгааны тухай хэвлэлд гарсан анхны мэдээллээр түүнийг Авлигатай тэмцэх газарт албан тушаалын хэргээр шалгагдаж байсан гэж бичсэн. Гэвч Монголын хуулийн байгуулллагууд шалгаж байгаа хэрэг Английн цагдаад хамаагүй. Тэгээд ч түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай АТГ-ын дарга Ч.Сангарагчаа өөрөө хэлсэн байна лээ. Гадаад харилцааны яамнаас хэлсэн нэг зүйл нь “Б.Хурцыг Францын хууль цагдаагийн байгууллага шилцүүлэн авах хүсэлтээ тавьсан” гэж байгаа. Энэ нь түүнийг Монголын тагнуулууд Францаас хулгайлан авчирсан Д.Энхбатын хэрэгт холбогдуулан баривчилсан гэдэг хэвлэлийхний таамгийг нэг мөр нотолж байгаа юм.
Уг нь Английн цагдаа Б.Хурцыг баривчилсны маргааш буюу 18-ны өдөр манайд энэ талаарх мэдээллээ ирүүлсэн аж. Учир нь энэ өдөр Лондонд Б.Хурцыг шүүх анхны шүүх хурал болж, өөрийг нь ямар үндэслэлээр саатуулсан тухайгаа танилцуулсан байна. Үүнээс хойш 23-нд бас нэг шүүх хурал болсон бөгөөд өнөөдөр гурав дахь шүүх хурал нь болно. Монголын цагаар 18-19 цагийн орчимд эхлэх шүүх хурлаар Б.Хурцыг Монгол руу нь буцаах уу, Францын хууль цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөх үү гэдгийг шийдэх юм. Учир нь уг баривчилгаа болсны маргаашаас эхлэн Монголын талаас Б.Хурцыг шилжүүлэн авах тухай дипломат шугамаар Английн талд удаа дараагийн хүсэлтийг тавиад байгаа юм байна. Тухайлбал, Гадаад харилцааны яам болон Хууль зүй дотоод хэргийн яамнаас тус улсад албан томилолтоор явсан ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг суллаж, Монголын талд хүлээлгэн өгөхийг хүссэн нот бичгийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад харилцаа, хамтын нөхөрлөлийн яаманд явуулжээ. Гэвч энэ нь Монголын Засгийн газар болоод дипломат албад өөрийн иргэний, эсвэл төрийн өндөр албан тушаалтныхаа эрхийг хамгаалсан гэхээсээ илүү урьд гаргасан алдаагаа засах, бас нуун дарах оролдлого гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй болов уу.
Түүх сөхье. 2004 оны УИХ-ын сонгуулийн өмнө буюу 2003 онд манай тагнуулын албад тухайн үеийн Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу “С.Зориг агсны хэргийн гол сэжигтэнг баривчлах”-аар Францын хилийг нэвтэрч, тус улсад амьдарч байсан Дамирангийн Энхбат гэгчийг унтуулдаг тариа хийн оргуулж, Францаас Бельги, Германы хилээр дамжуулан хулгайлж авчирсан байдаг. Энэ тухай тэр үед тэдгээр орнуудын тусгай албад ч мэдэлгүй өнгөрсөн бөгөөд хожим Монголын хэвлэлд “Дамирангийн Энхбатыг С.Зоригийн хэрэгт холбогдуулан баривчилж авчирлаа” гэж мэдээлсэний дараа л “Манай улсын нутаг дэвсгэр дээр баривчлах үйл ажиллагаа явуулахдаа биднээс албан ёсны зөвшөөрөл авах ёстой. Монголын тагнуулуудын хийсэн энэ гүйцэтгэх ажиллагаа гэгч нь олон улсын эрх зүй, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн хэрэг боллоо” хэмээн буруутгасан билээ. Учир нь тэр үед Д.Энхбатыг баривлан авчирахад оролцсон тагнуулын дөрвөн ажилтанд Гадаад харилцааны яамнаас дипломат паспорт гаргаж өгч явуулсан. Мөн тэд Д.Энхбатыг хулгайлан авчирахдаа Франц, Герман, Бельгид суух Монголын ЭСЯ-дад байрласан байдаг. Харин Д.Энхбатыг баривчлах тухай шүүхийн шийдвэр, прокурорын байгууллагаас авсан зөвшөөрөл огт байдаггүй.
Үүний дараа Бельги, Герман, Франц улсаас манайд Гадаад хэргийн яаманд нот бичиг ирүүлж, Монголын тал бусад орны хуулийг үл хүндэтгэсэн бусармаг үйл ажиллагааныхаа төлөө уучлал гуйхгүй бол өөрийн оронд суугаа бүрэн эрхт Элчин сайд нарыг 48 цагийн дотор хөөн гаргах болно гэдгээ мэдэгдэж байжээ. Тухайлбал, тэр үед Монгол Улсаас ХБНГУ-д суух бүрэн эрхт Элчин сайдын үүргийг одоо УИХ-д сууж байгаа Д.Тэрбишдагва гишүүн, Франц улсад суух бүрэн эрхт Элчин сайдын үүргийг Н.Энхбаярын найз н.Батбуян, Бельги улсад суух бүрэн эрхт Элчин сайдаар н.Онон зэрэг хүмүүс сууж байв.
Тэр үеийн Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун энэ нот бичгийг Ерөнхий сайд Н.Энхбаярт хүргэж өгөхөд мань хүн дээрх орнуудад өөрийн томилон явуулсан Элчин сайд нараа авч үлдэхийн тулд гүйцэтгэх ажиллагаанд оролцсон тагнуулын дөрвөн ажилтны талаарх мэдээллийг гаргаж өгөх үүргийг өгчээ. Өөрөөр хэлбэл олон улсын түүхэнд анх удаа Монголын төр өөрийн тагнуулуудаа илчилсэн шившигтэй явдал болсон гэдэг. Үүний улмаас уг баривчилгаанд оролцсон Монголын тагнуулуудын мэдээлэл Европын холбоогоор нэг цацагдаж, “персона нoн грата” буюу “тааламжгүй этгээд” хэмээгдэн Европын холбооны аль нэг улсын хилийг нэвтэрсэн тохиолдолд шууд баривчлан саатуулагдах ялтай үлдсэн хэрэг.
Өмнө нь Д.Энхбатыг баривчлах үед Франц дахь манай ЭСЯ-нд ажиллаж байсан н.Гэрэлтуяа гэдэг эмэгтэйг мөн энэ шалтгаанаар албадан буцааж байсан. Тухайн үед тэр эмэгтэй НҮБ-ын шугамаар ажиллаж байсан тул баривлан саатуулаагүй аж. Харин Б.Хурцын хувьд өмнө нь Англид зорчиж байсан боловч тэр нь Д.Энхбатыг баривчлан авчрахаас өмнө юм байна. Харин энэ удаа Б.Хурцын албан томилолтыг Английн тал хэрхэн үнэлэхээс түүнийг Монгол руу буцаах уу, Франц руу шилжүүлэн хэргийг нь шүүх үү гэдэг шалтгаалах юм. Монгол Улсын хувьд бол Б.Хурц нь тус улсад албан томилолтоор ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтан, дипломат бүрэн эрхт этгээд. Харин Английн шүүх үүнийг аль талаас нь авч үзэхээс асуудал шалтгаалах юм байна.
Нэгэнт Б.Хурц Францад ч бай, Германд ч бай шүүгдэхэд хүрвэл түүний өгөх мэдүүлэг тодорхой. Тухайн үеийн болсон процесс буюу Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдгээ хэлнэ. Үүний араас тухайн үеийн Ерөнхий сайд, Тагнуулын дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд гээд олон хүн Францын шүүхэд дуудагдаж болох юм. Ингэвэл олон улсын тавцанд Монголын нэр хүнд бүр мөсөн унах бөгөөд үүнээс урьтаж арга хэмжээ авахаар Монголын Засгийн газар хөдөлгөөнд ороод байгаа юм байна. Тухайлбал, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар Тагнуулын даргатайгаа хамтран Английн талд хүсэлт тавьж байгаа сурагтай. Учир нь гэм буруугийн талаар яривал Д.Энхбатыг баривчлан авчирсан тагнуулын офицеруудаас илүү үүрэг өгсөн Тагнуулын дарга болоод Засгийн газрын тэргүүн буруутай. Хууль зүй, дотоод хэргийн сайд “Энэ асуудлыг яривал ил ярья” гэсэн нь ч бас үүнтэй холбоотой биз. Тиймээс энэ удаад Монголын Засгийн газар дээрх гурван улсаас “Тухайн үеийн төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болжээ” гэдгийг хүлээн зөвшөөрч, албан ёсоор уучлал гуйх, ингэснээр Б.Хурцыг Монголын талд шилжүүлэн авах найдлага тавьж байгаа юм байна.
Б.СЭМҮҮН
бичсэн: boldbaatar | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих